Цахилгааны төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Төлбөр төлөх боломжууд:

* Титан Грид ХХК-ийн цахим үйлчилгээ itog.mn, ухаалаг утасны “Цахилгааны хэрэглээ” аппликэйшн

* Банкны цахим үйлчилгээ

* Банкны “биллинг” болон “и-биллинг” үйлчилгээ. Энэ үйлчилгээг идэвхжүүлснээр банк Таны нэр дээр ирсэн нэхэмжлэлийн дагуу данснаас тань цахилгааны төлбөрийг сар бүр автоматаар шилжүүлнэ.

* Интернэт болон Мобайл банкаас харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн данс руу шилжүүлэх.

Цахилгааны төлбөрөө бэлэн бусаар буюу дансаар төлсөн нөхцөлд НӨАТ-ын баримтаа хэрхэн авах вэ?

Та цахилгааны төлбөрөө бэлэн бусаар төлөөд НӨАТ-ын баримт авч чадаагүй нөхцөлд Титан Грид ХХК-ийн 9111-8731 утсаар дуудлагын мэргэжилтэнтэй холбогдож хэрэглэгчийн мэдээлэлдээ имэйл хаягаа бүртгүүлээд НӨАТ-ын баримтаа авах тухай хүсэлтээ гаргана. Үүний дараа таны бүртгүүлсэн имэйл хаягаар төлбөрийн баримт илгээгдэнэ. Мөн тухайн сардаа багтан харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд очиж баримтаа авах боломжтой. Санамж: Тухайн сардаа багтан хандана уу.

Ямар хэрэглэгчдэд хэдийд алданги тооцдог вэ?

Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д заасны дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд тухайн сарын хэрэглээний тооцооны дүнд алданги тооцдог. Алдангийг бичилт хийснээс хойш 21 дэх өдрөөс эхэлж хоногийн 0.3 хувиар тооцох бөгөөд нэхэмжлэлийн дүн дээр нэмж бичнэ.

Дараалан 3 сар төлөөгүй тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу тухайн хэрэглэгч гэрээний зөрчлөө арилгах хүртэл хэрэглээг нь түр түдгэлзүүлнэ.

ЦЭХ-ний гэрээ хийхдээ хэрэглэгч та дараах материалуудыг бүрдүүлнэ.
Аж ахуйн нэгж:

     * Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

     * Газрын гэрчилгээ

     * Техникийн нөхцөл

     * Тоолуурын гэрчилгээ

     * Гүйдэл хүчдэлийн тр-рын гэрчилгээ

     * Гэрээ хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Айл өрх:

     * Газар өмчлөлийн гэрчилгээ

     * Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

     * Иргэний үнэмлэх

     * Тоолуурын гэрчилгээ

Дээрхи материалиудыг хуулбарын хамт авчирна.

Тоолуур, гүйдлийн трансформаторын баталгаат хугацаа дууссан нөхцөлд хаана хандах вэ?

Таны ашиглаж байгаа тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформатор нь ажиллах зарчим, бүтцээсээ хамаараад улсын баталгаажуулалтын хугацаа нь харилцан адилгүй байдаг.

Үүнд:

      1. Бүх төрлийн электрон болон ухаалаг тоолуур 8 жил

      2. 1 ба 3 фазын импульсийн тоолуур 4 жил

      3. 1 ба 3 фазын механик тоолуур 3 жил

      4. Гүйдлийн трансформатор 4 жил

      5. Хүчдэлийн трансформатор 6 жил

      6. 100В-ын механик тоолуур 2 жил

Хэрвээ таны тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторын баталгаат хугацаа дууссан бол харьяа дүүрэгтээ байрлах Титан Грид ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 9111-8731 дугаарын утсаар холбогдон захиалга өгч, тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнээс салгуулах захиалга өгч салгуулаад тусгай зөвшөөрөл бүхий дурын лабораторид өгч баталгаажуулна.

Баталгаажуулсны дараа харьяа дүүрэгтээ байрлах Титан Грид ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон Дуудлагын төвийн 9111-8731 дугаарын утсаар холбогдон тоолуур, гүйдэл, хүчдэлийн трансформаторыг хэлхээнд холбуулах ажлын захиалга өгч холбуулна.