Н.Энэбиш: Монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч төв болох боломжтой

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатар хотод Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг танилцуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Элизабет Барсак, Дэлхийн Салхины эрчим хүчний зөвлөл (GWEC)-ийн Хятад дахь салбар хариуцсан захирал Лимин Чиао, ЭХЯ-ны Стратеги, Бодлого Төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддорж тэргүүтэй гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

Тус форумын илтгэгчдийн нэг, 2017 онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн сэргээгдэх эрчим хүчний нэгэн томоохон төсөл Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагч доктор Н.Энэбишээс дараах зүйлийг тодруулав.

-Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллаж, станцаа амжилттай ашиглалтад оруулсанд баяр хүргэе. Цахилгаан станцын үйл ажиллагаа хэр явж байна вэ? Төвийн эрчим хүчний системд ямар хэмжээний хувь нэмэр оруулж байна?

-Төсөл хэрэгжиж дууссан. Манай улсын нийт хэрэглээ ойролцоогоор 1ГВ. Үүний бараг 90 хувь нь төвийн эрчим хүчний системээр хангагдаж байгаа. Тэгэхээр 800-900 МВ гэсэн үг. Ийм их хэрэглээний хажууд Дарханы нарны цахилгаан станцын гаргаж буй эрчим хүч нь 10МВ буюу маш бага хувийг үйлдвэрлэж байгаа.

-Сэргээгдэх эрчим хүчний гурван гол эх үүсвэр болох нар, салхи, усны эрчим хүчний үйлдвэрлэлийн аль нь Монголд хамгийн ирээдүйтэй, хурдацтай хөгжих боломжтой вэ?

-Гурвуулаа. Бид зөв болоод амбицтай бодлого явуулах ёстой. Монгол улс газрын дорх ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тавд жагсах боломжтой бол сэргээгдэх эрчим хүч ашиглах таатай нөхцлөөрөө дэлхийд шууд нэгдүгээрт бичигдэх боломжтой. Сахарын юмуу Аризонагийн гэх мэт бусад цөлүүдээс манай Монголын Говь хавьгүй илүү судлагдсан гэдгээрээ давуу талтай. Бид олон улсын эрдэмтдийн багтай хамтраад 1999 оноос хойш судалгаа хийж Монгол Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад зохистой юу, ямар аргаар ашиглаж болох вэ гэдгийг судлаад техникийн шийдлүүдээ ч гаргасан.

Говийн бүсэд л гэхэд Монголын одоогийн хэрэглээнээс 10-100 дахин өндөр эрчим хүч үйлдвэрлэж чадах мега станцууд барьж байгуулах боломжтой нь судалгаагаар нотлогдсон. Түүнийг байгуулахад Монголд алдах зүйл байхгүй. Учир нь эдгээр цахилгаан станцууд нь хааш хаашаа ердөө 5-10 км талбай эзлэх юм. Тэр талбайг ухаж уул уурхай явуулах биш, зүгээр л тэнд тусч буй нарны туяа, түүгээр өнгөрч байгаа салхины эрчмийг л ашиглах болохоор манай Говийн зэлүүд газарт ямар ч хөнөөл учрахгүй. Энийг дагаад монголд өндөр технологи орж ирэх, тухайн илүүдэл эрчим хүчийг экспортлох боломж бүрдэнэ. Тухайн эрчим хүчийг экспортлоод олох татварын орлого л гэхэд Монгол Улсыг баян чинээлэг орны зиндаанд хүргэхэд хангалттай хүрэлцэх юм.

-Ийм том хэмжээний станцыг байгуулахын тулд мэдээж уснаас авахуулаад олон нөөц баялгийг ашиглах хэрэгтэй болох байх?

-Нүүрс түлдэг дулааны цахилгаан станцууд шиг тийм олон сая шоо метр ус ашиглахгүй. Усны хувьд тухайн цахилгаан станцуудыг үйл ажиллагаагаар хангах ажилчдын ахуйн хэрэглээний ус, багаж төхөөрөмжөө жилд нэг хоёр удаа угааж цэвэрлэх ус байхад л хангалттай. Салхины станцад ус хэрэггүй шүү дээ. Түүгээр үл барам Монгол Улсад гадаргын усныхаа нөөцийг үр ашигтай ашиглах асар том боломж бий. Хэдэн зуун мянган жилийн туршид хуримтлагдаж байгаа “алтнаас үнэтэй” гүний усаа дулааны цахилгаан станцын хөргөлтийн системд ашиглаад хэдхэн жилийн дотор ууршуулж байна гэхээр харамсалтай байгаа биз? Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд маш цэвэр, маш үнэтэй газрын дорх усаа хайрлан гамнаж, гадаргын усаа ашиглан хөгжиж байна. Гадаргын ус, газрын доорх усны ашиглалт ихэнх өндөр хөгжилтэй орнуудад 90:10 гэсэн харьцаатай байдаг бол манайд бараг эсрэгээрээ байна.

-Та усан цахилгаан станцын асуудлыг дэмжиж байгаа юу?

УЦС бол усны урсгалын хүчийг л ашигладаг. Зөв стандарт, технологиор барих нь чухал.

-Орхон-Говь төслийн тухайд?

-Говийн бүс нутгийг ногоон бүс болгох, Говийн усан хангамжийг сайжруулах тал дээр маш өндөр ач холбогдолтой зөв төсөл гэж боддог. Тийм технологитой төслүүд дэлхийд маш их бий. Улсын газар нутгаар урсан өнгөрч байгаа гадаргын усыг ашиглах их олон хувилбарууд байдгийн нэг оновчтой хувилбар нь Орхон-Говь төсөл. Тийм учраас үүнийг би Монгол улс усны хангамжаа гадаргын усаараа шийдэх гэсэн шилдэг төсөл гэж үздэг. Орхон-Говь төслийг хэрэгжүүлэхгүй бол Говьд байгаа том уурхайн төслүүд болох Оюу Толгой, Цагаансуварга газрын гүний уснаас л ашиглана. Гүний ус бол миний дээр хэлсэнчлэн “зэс, алтнаас ч үнэтэй”. Бага үнэтэй зүйлийг их үнээр хийнэ гэдэг учир дутагдалтай. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар Монгол Улсад алдах зүйл огтхон ч байхгүй. Үүнд шаардагдах газар нутгийн хэмжээ нь Монголын нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад өчүүхэн буюу 0,1 хувьд нь хүрэхгүй хэрнээ улсын ДНБ-ийг одоо байгаагаас нь хэдэн арав дахин нэмэгдүүлэхэд тустай. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний баялаг нь хөндөгдөөгүй байгаа алтны уурхай л гэсэн үг.

-Энэ хэмжээний мега төслүүдийг хөдөлгөх боловсон хүчний нөөц Монголд байгаа юу?

-Боловсон хүчний нөөц тодорхой хэмжээнд бий.Үүнийг төрийн бодлогоор ч анхаарч байна. Жишээлбэл Япон улсын Засгийн газартай хийсэн “1000 Инженер” хөтөлбөрийн хэлэлцээр байна. Энэ хөтөлбөрөөр сэргээгдэх эрчим хүч болон электроникийн чиглэлээр инженер бэлдэхийг түлхүү анхаарч байна. ШУТИС-д сэргээгдэх эрчим хүчний анги нээж, жил бүр 20-30 оюутан төгсч байна. Би өөрөө МУИС-д багшилдаг. Манай сургуулиас гэхэд 10 оюутан магистр, докторын зэрэг хамгаалахаар Япон улсад сурч байна. Нэмж хэлэхэд, нар салхины цахилгаан станцыг ажиллуулахад маш цөөн тооны маш өндөр мэдлэгтэй инженерүүд хэрэгтэй. Сая ашиглалтанд оруулсан 10 МВ чадалтай Дарханы нарны цахилгаан станцыг 2-хон инженер ажиллуулж байна. Ингээд 3 харуул хамгаалалтын ажилтан, 3 диспетчер, захирал, жолоочтойгоо нийлээд нийт 11 хүн ажиллуулж байхад яг ижил хүчин чадалтай Дулааны хоёрдугаар цахилгаан станцад 300-400 хүн ажиллаж байна.

-Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлогч орон болж болох уу?

-Экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулна гэж зорилго тавиад, яриад байгаагийн хамгийн тод биелэл нь энэ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байх боломжтой. Ялангуяа нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх нь манай улсын хөгжлийн гарц мөн. Уул уурхайг одоохондоо эдийн засаг, санхүүгийнхээ эх үүсвэр болгон ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ алс хэтдээ Монгол Улс энэ бүс нутгийнхаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн том тулгуур төв болох боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохын тулд Засгийн Газраас хоёр хөрштэйгөө болоод Зүүн хойд азийн бүсийн улс орнуудтай өндөр түвшинд гэрээ хэлэлцээрийг тууштай хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Ярилцсанд баярлалаа.
Буцах