Сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч орон

Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс 3,5 сая хүнтэй, манай Өмнөговь аймгаас ялимгүй том газар нутагтай. Байгалийн баялаг гэхээр юмгүй ч хөгжлөөрөө цахилж яваа улс. Ардчилал, хүний эрх, авлигагүй орчин, сайн засаглалаараа Латин Америктаа тэргүүлдэг. Эдийн засгийн эрх чөлөө, орлогын тэгш хуваарилалтаараа бүс нутагтаа Чилийн дараа удаална. Цахим засаглал, цахим оролцоогоор дэлхийд гуравт жагсдаг тус улсад авлига үзэгдэхээ бараг больсон гэнэ билээ. Швецарийн шууд ардчиллыг нутагшуулсан ба бүх нийтийн санал асуулгаар Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах, Парламентын баталсан хуулийг царцаах эрхийг иргэд нь эдэлдэг гэх зэргээр энэ улсын сайн туршлагыг тоочоод баршгүй. Харин энэ удаад эрчим хүчний хараат бус байдлаа богино хугацаанд хэрхэн тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан тухай сургамжтай жишээг танилцуулъя.

Эдүгээ Уругвай цахилгааныхаа 95 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, бүр тодруулбал салхи, нар, ус, хөдөө аж ахуйн хаягдал бүтээгдэхүүнээс гаргаж авдаг болжээ. Хэрэглэгчдийн цахилгааны төлбөр улам бүр буурсаар байна. Тухайлбал өнгөрсөн жилд 5.5 хувь буурсан ба цаашдаа ч тогтмол буурах нь дамжиггүй гэнэ.

Хамаарал нь хямралд хүргэсэн он жилүүд

Уругвай Улс олон арван жилийн турш хөрш орноосоо эрчим хүчний хамааралтай байсаар иржээ. Аргентинаас хий дамжуулах хоолойг хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалтаар босгосон боловч хөрш орны эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалсан үнийн өсөлт дотоодын хэрэглээний өртгийг хөөрөгддөг байлаа. Жишээ нь: Жирийн нэг айлын сарын орлого 1,900 ам.доллар байсан үед ялангуяа цахилгаан халаалт ашигласан сардаа 200 ам.долларын төлбөр төлж байсан нь ард түмнийг ихээхэн бухимдуулдаг байв. 1999-2002 оны хооронд тус улс эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орсон нь хөрш Аргентиний эдийн засгийн хямралын шууд тусгал болсон гэлтэй. Тухайн үед Уругвайн эдийн засаг 11 хувиар агшиж, ажилгүйдэл 21 хувиар нэмэгдээд байв. Улс орноо туйлдуулахгүйн тулд Засгийн газар Олон улсын валютын сангийн 1.1 тэрбум ам.долларын түргэн тусламжийн “Станд бай” зээлийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдах гэрээнд гарын үсэг зуржээ. Богино хугацааны зээлийг тун оновчтой зарцуулах юуны өмнө төсвийн алдагдлыг нөхөх, гадаад өрөө барагдуулах, хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвараа сайжруулах шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг тэд зорив. Сайшаалтай нь хоёрхон жилийн дараа гэрээгээ цуцлан өрөө хугацаанаасаа өмнө төлсөн бөгөөд харин эхлүүлсэн шинэчлэлийн бодлогоо цаашид үргэлжлүүлсэн юм. Үүний нэг нь улс орны эдийн засгийн цэцэглэлтийн үндэс суурь болсон сэргээгдэх эрчим хүчний бодлого байлаа.

Байгалиас санхүүжих ухаалаг бодлого

Латин Америкийн бусад улсуудтай харьцуулбал Уругвайд газрын тос ба хийн нөөц тогтоогдоогүй. Тиймээс эрчим хүчний хувьд хөршөөсөө байнга хамааралч ирсэн түүхтэй. Хамаарал нь хямралд хүргэсэн он жилүүдэд тэд янз бүрээр гарц хайж байлаа. Аварга усан цахилгаан станц дахин барина гэхээс халширч байсан үе. Ялангуяа 1997- 2007 оны гантай жилүүдэд усан цахилгаан станцын амин гол тасран алдаж байсан гашуун түүх бий. Гантай гэлтгүй жил бүр хуурай улирал эхэлмэгц голын ус татарч эрчим хүчний үйлдвэрлэл буурдаг тул усан цахилгаан станц бол найдах дан ганц эх үүсвэр биш гэдэг нь тодорхой. Тиймээс эрчим хүчний олон эх үүсвэрт тулгуурлах тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний бүхий л нөөцийг зэрэг ашиглах боломжийг тэд эрэн хайж байлаа.

Сэргээгдэх эрчим хүч бол байгаль эхийн шавхагдашгүй баялаг болох салхи, ус, нар, хөдөө аж ахуйн хог хаягдал, газрын гүний дулаан зэргийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг хэлнэ. Үүнийг байгалиас “санхүүжих” ухаалаг бодлого хэмээн олон улсад нэрлэх аж. Энэхүү ухаалаг бодлогын тусламжтай уругвайчууд бүс нутагтаа урьд хожид хийгдэж байгаагүй шинэчлэлийг зоригтой эхлүүлжээ. Тухайлбал: Сэргээгдэх эрчим хүчний 2005-2030 он хүртэлх 25 жилийн хугацааны мастер төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн нь тогтвортой зах зээлийн баталгааг бий болгосон аж. Парламентад суудалтай улс төрийн намын хамтын дэмжлэгтэйгээр уг хөтөлбөр батлагдсан нь үндэсний зөвшилцлийн үр дүн болов. Өөрөөр хэлбэл аль ч улс төрийн хүчин төрийн эрхэнд гарлаа гэхэд хүлээн зөвшөөрөн хэрэгжүүлэх үүрэг авсан хэрэг юм. Төр ийнхүү тогтвортой байдлын баталгааг гаргасан нь эрчим хүчний тогтвортой хөгжлийн эх сурвалж болжээ.

Тухайн үед улс орны эдийн засаг эргэн сэргэж, 6-8 хувийн жилийн өсөлттэй болсноор өрсөлдөх чадвар дээшилж, эрчим хүчний хэрэгцээ гурав дахин нэмэгдээд байв. Төрөөс жил бүр ДНБ-ний гурван хувийг эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж эхэлсэн нь ДНБ-ний 0.6 хувийг зарцуулдаг Латин Америкийн бусад улстай харьцуулбал маш их мөнгө байсан юм. Байгалиас санхүүжих ухаалаг бодлогоо тэд төр хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.

Хорин жилийн баталгаатай түншлэл

Хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхийн тулд Уругвай хаалгаа дэлгэжээ. Дэлгэх дэлгэхдээ бүр цэлийтэл дэлгэж. 2008 оноос анхны олон улсын тендерүүдийг зарлаж эхэлсэн ба шалгарсан компаний үйлдвэрлэсэн эрчим хүчийг 20 жилийн хугацаатай 100 хувь худалдаж авах баталгааг төр гаргасан аж. Харин хувийн компанийн хувьд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хөрөнгөө оруулах, бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэх зэрэг болзлыг биелүүлэх байв. Тухайн үед долоон тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгдсэн ба хувийн хэвшлийнхэн уг хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг бүрдүүлсэн гэнэ. Ийнхүү төр ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг хийгдэж хамтын түншлэлээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл цэцэглэж эхэлжээ.Төрөөс ямар ч нөхөн төлбөр амлалгүй, харин 20 жилийн баталгаа гаргаснаар бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг татаж чадсан юм. Гадны компаниуд эхний арван жилд оруулсан хөрөнгөө эргэн олох ба дараагийн арван жилд цэвэр ашиг олж эхлэнэ гэсэн тооцоо хийсэн биз. Ямартаа ч энэ бол тэдний амжилтын шинэ менежмент байлаа. Салхины эрчим хүчний тендер бүрд хамгийн цөөндөө 20 компани оролцож байв. Испани, Итали, Герман, АНУ, Хятад, Энэтхэг, Францын олон компани өрсөлдсөн нь эрчим хүчний өртгийг унагаж хамгийн багадаа мегаватт нь 60 ам доллар байх санал иржээ. Энэ үнэ бол барууны орнуудын эрчим хүчний хэрэглээний өртгөөс даруй 50 хувиар бага байсан юм. Хөгжиж буй орнуудад нэг зовлон бий. Тэр бол сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг эхлэн суурилуулах өртөг өндөр байдаг явдал юм. Тухайлбал: Салхины сэнсийг олноор худалдан авах, угсрах зардал өндөр тул хөрөнгөө бүрдүүлж чаддаггүйгээс зогсдог. Манай улсад ч гэсэн ийм бэрхшээл тулгараад буй. Харин урт хугацааны найдвартай зах зээлийн хэрэглээний орчныг бүрдүүлж, эрчим хүчийг худалдан авах амлалт өгснөөр компаниуд эрсдэлээс чөлөөлөгдөн ирээдүйн ашгийнхаа төлөө хөрөнгөө оруулж эхэлдэг гэдгийг Уругвайн туршлага ийнхүү батлан харуулсан юм. Итгэлцэлд суурилсан, урт хугацааны “эрүүл” бизнесийнхээ үр шимийг тэд тун удалгүй хүртэж эхэллээ.

Төрийн үүрэг бол бодлого тодорхойлоход оршино. “Бидэнд урт хугацааны мастер төлөвлөгөө байсан, өөрөөр хэлбэл төр юу хийхээ тодорхойлсон байсан. Эрчим хүчний түншлэл бол цэвэр бизнесийн үйл ажиллагаа тул төр хэрэгжүүлэх ажилд хутгалдаагүй. Харин хэрэгжилтийг төрийн өмнөөс төрийн өмчит шатахууны “ANCAP”, эрчим хүчний “UTE” компаниуд маш сайн гүйцэтгэсэн тул өнөөгийн амжилтанд богино хугацаанд хүрсэн” хэмээн Эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн яамны төлөөлөгчид хэлж байсан юм.

Ирээдүй үлгэр шиг л сонсогдоно

Уругвайчууд газрын тосоор дахин хэзээ ч цахилгаан үйлдвэрлэхгүй гэдгээ зарлажээ. 2015 оноос хот ба хөдөө аж ахуйн хог хаягдлын 30 хувийг эрчим хүчинд ашиглаж эхэлсэн байна. Улсын нийслэл Монтевидео хот гэхэд өдөртөө хоёр мянган тонн хог хаягдал гаргадаг гэхээр баялаг болсон энэхүү нөөцийг бүрэн ашиглах боломж бий гэнэ.

“Био-шатахууны хэрэглээ үндэсний эрх ашигт бүрнээ нийцнэ” хэмээн 2002 онд тунхаглаж байсан тус улс 2007 онд био-шатахууны хуультай болж эдүгээ 5 хувийн био-дизель, 5 хувийн био-этоналийг бензинтэй холин хэрэглэх болсон байна. Энэ хуулиар био-шатахуун үйлдвэрлэгч нарыг үл хөдлөх хөрөнгө болон аж ахуйн орлогын албан татвараас 10 хүртэл жилээр чөлөөлсөн бөгөөд тэд одоо бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох хэмжээнд очжээ. Бас болоогүй ээ, урьд өмнө хараат байсан Аргентинд эргээд эрчим хүч нийлүүлдэг болж. Энэ дашрамд сонирхуулан хэлэхэд Монтевидео хот сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр ажилладаг такси туршиж байгаа. 2030 он гэхэд нийтийн тээврийн бүх хэрэгслээ цахилгаанаар ажиллуулах юм гэнэ. Уругвайн эрчим хүчний хувьсгал үүгээр өндөрлөөгүй. Тэд 10 сая ам.долларын өртөгтэй нар ба салхиар ажилладаг орчин үеийн анхны нисэх онгоцны буудалтай болох дөхөж байна.

Энэ мэт тэдний амжилт 10 жилийн өмнө бол үлгэр домог шиг л сонсогдох байсан байх. “Манай улсыг хүн ам цөөнтэй, талаас илүү хувь нь нийслэл хотдоо төвлөрсөн, цомхон хэрэглээтэй болохоор илүү амжилтад хүрэх боломжтой байсан хэмээн зарим хүмүүс хэлдэг. Тийм ч байж магад, гэхдээ манай давуу тал бол төр засаг тогтвортой, авлигаас ангид, урт хугацааны түншлэлийн бодлогыг хэрэгжүүлж чадсанд байсан” хэмээн төрийн албан хаагчид нь бахархан ярина.

Төгсгөлд нь хэлэхэд эрчим хүчний хараат бус байдлаа богино хугацаанд тунхаглаж чадсан тус улсын мэргэжилтнүүд ололт, амжилтаа Монголтой хуваалцан, хамтран ажиллах боломжоо илэрхийлснийг дамжуулахдаа таатай байна.

Ч.СОСОРМАА
2017 оны 7 сарын 8
Буцах